Даниэл Дефо
Даниэл Дефо (Англи: Daniel Defoe 1660 – 1731 оны 4 сарын 21) нь "Робинзон Крузо" зохиолоороо алдаршсан Английн зохиолч, сэтгүүлч юм.
Амьдрал
[засварлах | кодоор засварлах]Даниэл Дефо Лондон хотноо махны худалдаачин Жеймс Фогийн хүү болон мэндэлжээ. Тэрээр зохиолуудаа хэвлүүлэхдээ язгууртнуудын нэрэнд ордог "Де"-г нэрэндээ оруулан бичдэг байсан бөгөөд тэр нэрээрээ алдаршжээ.
Шашны номлогч болох гэж үзээд бүтэхгүй болохоор нь наймаачин болохоор шийдсэн боловч ашиг олохоосоо илүү өр зээлд баригдаж мөн л бүтэлгүйтсэн аж. Харин дөч хүрсэн хойноо сэтгүүлчийн хөдөлмөрт хүчээ сорьсон нь түүний нуугдмал авьяасыг илрүүлэн олны танил болгосон хэмээдэг билээ. Бийр бэхтэй нөхөрлүүлсэн энэ ажил нь түүнд яг тохирч байсан бөгөөд сэтгүүлчээс зохиолч болсон тэрээр жинхэнэ нэрээ нуухын тулд сурвалжит язгууртны байдалтай Де Фо хэмээсэн нэрээр зохиол бүтээлээ хэвлүүлж байжээ.
Английн католик сүм болон Тори нам тэр үед католик шүтлэгтэн биш хүмүүсийг устгах бодлого барьж байсныг шүүмжилж, "The Shortest Way with Dissenters" хэмээх зурагт хуудас хэвлүүлсэн нь түүнийг баривчлахад хүргэжээ. 1703 оны 7 сарын 31-нд түүнийг дөнгөлөх ялаар шийтгэсэн юм. Уг явдлын дараа "Дөнгөний магтуу" (Hymn to the Pillory)-гаа хэвлүүлсэн юм.
Далан нэг наслахдаа улс төр, эдийн засаг, далайн аялал зэрэг олон төрөл зүйлээр нийт 250 гаруй зохиол бүтээл бичиж туурвисан асар хөдөлмөрч энэ зохиолч хэзээ ч жуулчин байгаагүй юм. Харин бараг 60 шүргэх насандаа дэлхийн сонгодог утга зохиолын түүхэнд Робинзон Крузо хэмээх алдарт бүтээлээ бэлэглэж нэрээ үүрд мөнхөлсөн энэ эрхмийг Английн тагнуулын байгуулагын удирдагч байсан тухай нь тэр бүрий уншигчид мэддэггүй билээ.
Англи орныг бүхэлд нь тор мэт сүлжсэн нарийн нягт туршуулын сүлжээ бүхий тагнуулын байгууллага байгуулж тэргүүнээр нь олон жилийн туршид чадварлаг ажиллаж байсан түүний энэхүү нууц намтар нь хэдэн арван жилийн дараа л нийтэд ил болсон билээ. Тэрээр зөвхөн английн дотоодод төдийгүй хилийн чанадад, тэр дундаа Парис, Тулон зэрэг хотуудад мэдээлэл цуглуулах төв байгуулан амжилттай ажиллуулж байжээ.
Тэрээр английн тусгай албыг 10 шахам жил гайхмаар чадварлаг удирдаж байсан бөгөөд 70 гарсан хойноо ч тэр тагнуулчийн авьяас билэг, мэргэжлийн ур чадвараа ашиглан татварын албанаас бултаж ор сураггүй алга болж байсан тухай Кембриджийн их сургуулийн доктор, тагнуулын түүх судлаач Кристофер Эндрю Английн тагнуулын алба үүсэн байгуулагдсан түүх номдоо тэмдэглэсэн байдаг.
Бүтээлүүд
[засварлах | кодоор засварлах]- A True Relation of the Apparition of One Mrs Veal (1706)
- Робинзон Крузо (1719)
- Ахмад Синглтон (1720)
- Молл Фландерс (1722)
- Роксана (1724)