Альфред Нобель
А́льфред Бе́рнхард Но́бель (швед. Alfred Bernhard Nobel, 1833 оны 10-р сарын 21-нд Швед-Норвегийн Холбооны Стокгольм хотод төрсөн- 1896 оны 12-р сарын 10-нд Италийн хаант улсын Сан-Ремо хотод нас барсан) -шведийн химич, инженер, зохион бүтээгч, ажил хэрэгч, ивээн тэтгэгч хүн.
Динамитыг зохион бүтээсэн Альфред Нобель мөн "Бофорс" компанийг эзэмшдэг байсан бөгөөд тэрээр төмөрлөгийн салбараас химийн болон их бууны үйлдвэрлэл рүү үйл ажиллагаагаа шилжүүлсэн юм. Нобель нийт зохион бүтээгчийн 355 патент эзэмшдэг байсан бөгөөд түүнээс хамгийн алдартай нь динамит байжээ.
Тэрээр нас барахдаа өөрийн хөрөнгийг физик, хими, анагаах ухаан, уран зохиолын салбарын хамгийн чухал ололт амжилт, энх тайвны үйлсэд оруулсан хувь нэмрийг нь үнэлэн олгодог Нобелийн шагналыг бий болгохыг гэрээслэн үлдээжээ.
Намтар
[засварлах | кодоор засварлах]Альфред Нобель 1833 оны 10-р сарын 21-нд Стокгольм хотод зохион бүтээгч, инженер Бага Эммануэль Нобель (1801-1872), Андриетт Нобель (1805-1889) нарын гэр бүлд төржээ. Тэднийх нийт 8 хүүхэдтэй байснаас Альфред гурав дахь хүү нь байжээ. Гэр бүл ядуурч, амьдралын эрхээр Альфредээс гадна Роберт, Людвиг, Эмил нар л амьд үлджээ. Альфред Нобель эцгээрээ Шведийн эрдэмтэн Олоф Рудбекийн (1630-1702) удам угсаа байсан бөгөөд хүү нь бага наснаасаа техник, тэр дундаа тэсрэх бодисыг сонирходог байжээ. Альфред Нобель техник сонирхож байсан нь Стокгольм дахь Хатан хааны технологийн дээд сургуулийг төгссөн ааваасаа өвлөж авсан байна.
1850 оны хавар арван зургаан настай Альфред Нобель 7 жил болсон Санкт-Петербургийг орхиж Дани, Герман, Итали, Франц, дараа нь Америкт сурахаар очсон. Парист тэрээр 1847 онд нитроглицериныг нээсэн Асканио Собреротой танилцжээ. Собреро түүнийг дэсрэх аюултай тул нитроглицериныг судлахыг хориглож байсан боловч залуу сонирхолдоо хөтлөгдөн гүнзгий судалж байжээ. Тэрээр 18 настайдаа химийн чиглэлээр суралцахаар нэг жил АНУ-д очжээ.
Орос руу буцаж ирэхэд Нобель Оросын армийн цэргийн захиалга гүйцэтгэдэг гэр бүлийн үйлдвэрүүдийн бизнесийг эхлүүлэв. 1853 онд эхэлсэн Крымын дайн (1853-1856) нь Нобелийн компанийн цаашдын хөгжил цэцэглэлтэд хувь нэмэр оруулсан. 1859 онд Нобелийн аав хоёр дахь хүү Людвигийнхээ мэдэлд үйлдвэрээ өгч бизнесээ ихээхэн сайжруулжээ. Нобель болон түүний эцэг эх Оросоос Шведэд буцаж ирж Нобель тэсрэх бодис судлах, ялангуяа нитроглицериныг аюулгүй үйлдвэрлэх, ашиглахад бүх хүчээ зориулжээ. 1863 онд Нобель тэсэлгээний төхөөрөмжийг зохион бүтээжээ.
1888 онд Каннд нас барсан ах Людвигтэй андуурч сэтгүүлчид сонинд Нобелийн үхлийн тухай мэдээ нийтэлжээ. Энэ нь Альфредэд маш их нөлөөлсөн гэдэг. Тэд түүнийг "цусан дээр саятан болсон", "тэсрэх үхлийн наймаачин", "динамитын хаан" гэж бичиж эхлэхэд тэрээр хүн төрөлхтний түүхэнд "дэлхийн муу хүнээр" үлдэхгүйн тулд Нобелийн шагнал бий болгохоор шийдсэн ажээ.
1896 оны арванхоёрдугаар сарын 10-нд Альфред Нобель 63 насандаа тархины цус алдалтын улмаас эдлэн газраа нас баржээ. Түүнийг Стокгольм хотод оршуулжээ. Тэрээр гэр бүл, найз нөхөд, хамтран ажиллагсаддаа мэдэгдэлгүй Нобелийн шагналыг санхүүжүүлэхийн тулд өөрийн баялгийн ихэнх хэсгийг үлдээсэн байна.
А.Нобель албан ёсны дунд болон дээд боловсролгүй ч Швед, Франц, Орос, Англи, Герман, Итали гэсэн зургаан хэл мэддэг, хими, физик их судалдаг байжээ.